Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 9 цаг 46 минут
Туг салхи хоёр
Азиз Несиний нэг өгүүллэг байдаг даа. Нэг хэнэггүй эр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очдоггүй юу. Тэгээд үг хэлнэ. Хамгийн гол нь түүний үг их амжилттай болдог юм. Хүмүүст, ялангуяа багшид тэр үг нь таалагдаж байгаа гэж жигтэйхээн. Гэтэл мань эр үгээ зогсоож болдоггүй. Үгээ зогсоох юм уу, шалихгүй эрч алдахад л өөр хүн босч ирээд “микрофроныг авчих” гээд бүр үйлээ үздэг юм. Олон түмний тэр сайхан таашаалыг амархан алдаж болохгүйяа даа.Тэгээд хэлэх юм олж цөхөөд магтаж байсан зарим юмаа сүүлдээ муулаад, нэг удаа германд очоод үзсэн чинь сургуулийн бүх хичээл германаар орж байсан, энэ жишээгээр манай Туркт хичээлийг германаар заагууштай байгаа юм гэж хүртэл бурна. Ингээд сүрхий шүтэгдээд гартал анги андуураад хаа хамаагүй хүүхдийн эцэг эхийн эхийн хуралд суучихсан байдаг юм. Тэр нь ч яахав.

Алив үйл хэргийг, ялангуяа улс төр нийгмийн үйл ажиллагааг эхлүүлэх заримдаа амархан. Анхны гялалзсан амжилтууд ч түдэх юмгүй ирэх нь бий. Хамгийн гачлантай нь, зорьсон үйл хэрэг нэгэнт үеэ өнгөрөөж, ингэж явах хэрэгцээгүй болохын цагт эзэн зогсож чадахаа больчихдог. Гялалзсан ялалт байгуулж, алдар хүндээ ид дуудуулж явах үедээ гэнэт тугаа буулгах ямар ч хүнд хэцүү, ичмээр нэрэлхмээр санагдана. Дээр нь өөрийг нь шүтэн бишрэгч, дагалдагч нар нэгэнт бии болчихсон, хаанаас нь ч харсан найдангуудаа дагуулан морилох гэгээн хутагт Иисус аятай санагдаад явчихна. Иим үед хааз л ажиллана уу гэхээс тооромсог барина гэхэд ярвигтай. Ялихгүй жижиг асуудал шиидэх гэж босоод дараагийн хүнд микрофоноо алдахгүйн эрхэнд, өндөрт намирах тугаа буулгахаас ичихийн эрхэнд, дагалдагч нараа алдахгүйн эрхэнд хүсээгүй бодоогүй хясаа халилд мацаад нисэж халисан нь нэг бусаа.

Өнөө “Форест Гамп” дээр гардаггүй юу. Гамп гүйгээ л байна, гүйгээ л байна, ямар ч зорилгогүй гүйгээ л байна. Тэгж тэгж ядраад болих гэсэн чинь баахан шүтэн бишрэгч, дагалдагч нар бий болчихсон “Таныгаа зогсохоор бид чинь яах болж байна. Биднийг битгий орхиоч” гээд гуйж гардаг. Форест Гамп жаахан юмтай тулдаа л санаа зовох юмгүйгээр арми аа орхино. Эрүүл хүн бол иим шиидвэр гаргахад нэн бэрх. Түүнээс өөр хүн байсан бол сүүлдээ шашны сект байгуулаад улам цаашилсаар аавын хаалга татаж л дуусах байсан байх даа.

Тээр зун эхэлсэн ажил нь сүрхий амжилт олсон нэгэн “дагуулагч” ирвээ. Уг нь сүрхий боловсролтой эр. Анх тавьсан асуудал нь нэлээд амжилт олчихсон, чамгүй дагалдагчтай болчихсон аж. Болих гэхээр дагалдагч нараа яахаа мэдэхээ байчихсан, бас сэхээтэн хүний хувьд энэнээс цаашаа явбал юм хяналтаас гарчих гээд байгааг мэдрээгүй биш мэдэрчихсэн нь гэдэг нь харагдана. Түүнд “Чи ард түмэнд хамгийн хэрэгтэй хүн гэдгээ мэдэрсэн тэр цэг дээрээ зогсоорой. Тэр бол чиний хэрэгцээ байхгүй болсны дохио чагнаал” гэж зөвлөсөнсөн. Дуугүй л байгаад байсан. Яагаа бол.

Хамгийн гачлантай юмны нэг бол туг баригч зогсох тухай бодохоо болих төдийгүй “би бол туг мөн” үнэмшээд явчихдагт л байгаа юм. Л.Лодойдамбын “Тунгалаг тамир” дээр нэг бөө гардаг даа. Анх дэмий тэнэж яваад алдуултай таардаг, сүүлдээ эзэнд нь “тэнд байна” хэмээн мэргэлж өгөөд нэрд гарна. Сүүл сүүлдээ мань хүн өөрийнхээ явдлыг ч мартаад мөнөөх алдуул морийг үнэхээр л мэргэлээд мэдээд өгсөн санагдаад байдаг болчихдоггүй юү. Та зурагтаа асаагаад хараарай. Яг л тэгж үнэмшсэн улсууд дүүрээн дүүрэн.

ХХ зууны хамгийн бараан үеийн лийдерүүдийн нэгний намтар ийн өгүүлнэ. Хөдөө нутагт Улсын хуралд явах төлөөлөгч сонгох болж. Үндэсний сэхээтнүүдээ аймаглан устгаж байсан цаг тул боловсролгүй харанхуй ардууд л голчилсон хурал болно. Гэтэл нэг малчин хархүү байн байн босч юм асуугаад л, буруу зөв нь хамаагүй юм юм яриад байж гэнэ. Үүнийг анзаарсан төвийн төлөөлөгч түүнийг улсын хуралд сонгуулсан байна. Улсын хуралд очсон малчин залуу мөн л байн байн юм асуусаар Улсынхаа бүр оройд гарсан ба хожим хувь заяа нь эмгэнэлтэйгээр өнгөрчээ. Азиз Несины зохиолд гардаг , хүүхдийнхээ хуралд очиж буй “эцэг” мөнөөх ардын төлөөлөгч хоёр бол хүнии түүхийн хэв шинжит дүрүүд ээ.

Гитлерийг харгис хэрцгий мангаа гэдгээр нь бид сайн мэднэ. Үнэн хэрэгтээ тэр “тооромсог” нь барихаа байсан л зүтгэлтэн шүү дээ. Эхэн үедээ дайнд ялагдсан коомплэкс, хямрал хоёроос нь германы ард түмнийг салгасан баатар удирдагч байсан. Амьдрах чадвараараа жирийн герман иргэний атаа хорслыг барж байсан жүүдүүдийг хөөж өгсөн. Эндээс л тооромсог алга болсон. Мань хүн герман ард түмнээ улам л баярлуулмаар байдаг, цаадуул нь ч фюрер маргааш ямар дайснаас биднийг салгаж баярлуулах бол гээд хүлээчихсэн. Өдөр болгон л юм өгөхгүй бол болдоггүй. Сонголт үгүй, ухралт ч үгүй болсон Гитлер ард түмэндээ “герман бус гаралтай бүх хүн төрөлхтөн бол дайсан” болохыг заагаад тэрийг нь дарж үндэстнээ баярлуулах аянд мордсон. Ердөө л иим юм.

Ард түмэн ч ард түмэн. Бага аа байхдаа нэг зун унагатай гүүгээр хонь хариулдаг байлаа. Өөр номхон юм олдоогүй хэрэг юм болуу. Унага нь эрхлээд хүзүү мүзүүгээ маажуулаад зуны урт өдөр зугаа болно л доо. Тэгэхдээ өнөө гайхал чинь тааралдсан юмаа дагаж явчих гээд. Морьтой хүн, үхэр мал, заримдаа замаар явсан машин хүртэл дагаад унгалдаад жириичихнэ. Би хонио хаях уу, унагаа дагах уу болдогсон.

Учрыг нь олж гэгээрүүлэх гэсэн үндэсний сэхээтнүүд ба туг барьсан болгоныг ээжлэн дагаж хуйлрах олон түмэн заримдаа миний хээр халтар унагыг санагдуулдаг аа. Их сонин, масс болохоор туг дэрвэх юм уу, үргэж дэрхиих шалтгаан болгоныг отоод хэвтэж байдаг юм шиг. Тэгээд л дагаж баахан хуйлрана. Ганцхан юм л садаа хииж чадна. Энэ бол өмч, бизнэс. Өмчтэй хүн давхиж, тонгочиж давхиад байвал тэрийгээ сүйтгэчих гээд болохгүй. Сайн хашаа хороотой хонь мал үргэж, хуйлраад байдаггүй шиг өмчтэй хүмүүс л үргэмтгий биш болдог аж. Хашаа хороо малын сүрэглэг чанарыг дарангуйлдаг. Өмч л хүнийг тайвуу тогтуун, хашаа хороондоо амгалан хивж хэвтэх сүрэг шиг байлгадаг.

Өмч л хүнийг сүргийн сэтгэхүйгээс салгаж биеэ даасан хувь хүмүүс болгож байдаг. Тэр хэрээр өмчтэй чинээлэг нийгэмд хүмүүс үргэж цочих дагаж хуйлрах магадлал бага тул тайван амгалан байна. Харин хувь хүнд өмч хөрөнгө, бизнес багасахын хэрээр үргэмтгий дагамтгай болж хүний хувийн чанарууд сулран сүрэглэг байдал давамгайлна. Дагуулахад ч, үргээхэд ч амар болно. Энэ цагт мэдээж сайныг дагаад сарны гэрэлд гарвал сайн л биз. Харин дагалдагч нар аа харж кайф авах гэсэн, ичээд зогсож чадахаа байсан, “ өөрөө үнэхээр НОМЛОГЧ юм шиг санагдаад байх болсон” зүтгэлтэн-үүдийн золиос болох магадлал дэндүү өндөр. Эдийн засаг хямарч байна, хүмүүс үргэмтгий болох нь дамжиггүй...хашаа хороо хэрэгтэй цаг.

2009 он
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.