Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 9 цаг 46 минут
Давхиж яваа “Найман хөлтэй морь”
Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-I


Нэг.За хө, хуураад байгаарай...

Бид төсөөлөх дуртай  ч эргэцүүлэх дургүй.  Мэдээллийг даган шуурах дуртай ч анализ хийх сонирхолгүй гэсэн үг.  Муухайдаа ч биш юм.  Малаа дагасан нүүдэлч амьдрал нь мөнхийн ганцаардал, уйдаа дагуулна. Тийм болохоор олны амаар дамжин, хүн хүний фантаазаар баяжиж ирсэн цуу яриа, үлгэр домогт юу яасны эргэлзэх, харин ч тийм юм дуулгасанд баясна. Ид шид шингэсэн, сэтгэл хөдөлгөм байхын хэрээр баяр хөөр авчирна.

Ийм учраас нүүдэлчин хүн нэгэндээ барих хамгийн том бэлэг бол гоёор хэлэхэд сонин мэдээ, яг үнэндээ цуурхал. Ямар ч шинэ цуурхалгүйгээр айлд очих, хүнтэй уулзах нь ичгэвтэр хэрэг болно.

Учир иймээс, монголчууд “Сайн байна уу” гэж мэнд мэдээд, араас нь “сонин сайхан юу байна” гэж асуудаг. Орчин үед “Юу байна” болтлоо товчлогдож, англи хэлтний ертөнцийн “Хайя” –тай зэрэгцэж ирсэн хэллэгийн гарвал энэ болой.
     
Өнгөн талаасаа “Сонин сайхан юу байна” гэдэг нь  сонин бөгөөд сайхан ( сонирхол татам эерэг мэдээлэл гэж ойлгогдохоор) мэдээг хүсч байгаа мэт боловч  хэрэг дээрээ “бүлтрээд байгаарай” гэсэн утга.
    
Сайхан цуурхал сонсгох нь зочиндоо барих бэлэг. Сүртэй, дуулиантай цуурхал бэлгэнд авсан (сонссон) нөгөөх нь түүний үнэн худалд эргэлзэх ёсгүй.  Жишээ нь, “Зүүн голоор найман хөлтэй морь явж байсан гэнэ.Ирэх жил зуд болж мал барагдахын цондон” гэсэн үнэ цэнэтэй цуурхал хүлээн авсан хүн түүндээ эргэлзвэл цааш нь ярих юмгүй болно.  Иймэрхүү хандлагын өвөг дээдэс “Амандаа орсон шар  тосыг хэлээрээ түлхэх” хэмээн сэрэмжлүүлж ирсэн билээ.  Хэрвээ, амьтан хүний чихийг дэлдийлгэнгээ өөрийгээ тоолгох учиртай  цуурхлыг “Морь яагаад ч найман хөлтэй байх учиргүй. Тийм урод гажигтай амтан төрлөө ч гэсэн цас ороход нөлөөлөхгүй” болтол эргэцүүлэн бодож болохгүй. Тэгэхээр эргэцүүлэх, мэдээлэлд анализ хийх нь харин ч хортой байгаа биз дээ.

Иймээс, үнэн худлыг эргэцүүлэн бодохын оронд шинэ санаа фантаазаар баяжуулах хэрэгтэй. Жишээ нь, “Найм, найм. Нийтдээ 16 хөлтэй морь (бараг л битүү тууртайтай аалз) баруун, зүүн хоёр голоор явж гэнэ ээ. Энэ өвөл зуд болж, хойтон зун дайн гарна гэнээ. Гарцаагүй гэнэ” болгон баяжуулах учиртай. Ингэж байж л уг мэдээг дуулаагүй болон дуулсан байсан улсыг гайхшруулна.

Анализ хийх, эргэцүүлэх дуртай хүн байсан байсан байх л даа. Тийм нэгийгээ “Хүний үгэнд итгэдэггүй”, үгүйсгэх үзэлтэй негилист этгээдийн хэмжээнд хэмээн гадуурхаж таарна.
    
Энэ утгаараа, цуурхах, үнэмшимгүй мэдээлэл тараах , солилцох зэрэг нь нүүдэлчдийн “шоу”, нийтийн зугаа цэнгэлийн нэг хэсэг байжээ. Одоо ч нутаг нутагт худал хэлдгээрээ алдаршиж, хүндлэгдсэн, домог болсон хүмүүс байсаар л байгаа.

Яагаад худал яриад болоод байсан юм бэ, гэсэн асуулт гарна. Нэгдүгээрт, иргэншиж хотшоогүй, бие биеэсээ хамаарал багатай малчин нүүдэлчдийн амьдралд мэдээллийн үүрэг роль бага байсан. Ядаж л буруу цуурхлаас болж олон нийтийн үймээн самуун дэгдэх боломжгүй. Ганц ганцаараа, сайндаа л хот айлаараа талын нэг тарсан улс үймэхийн тулд нэг дороо цугларах хэрэгтэй болно биз дээ. Нэг дороо цугларах гэхээр эзгүй үлдсэн малыг нь боохой зооглоно. “Монголын их амар амгалан”-ийн нэг шалтгаан  бологсон “нөхөр чоно”-д тээнк юү, айн?

Ер нь ганц ширхэг хүн эзгүй хээр “нийгмийн эмх замбараагүй байдал” үүсгэж байгааг нэг төсөөлөх гээд үз дээ. 

Хоёрдугаарт, цуурах, фантаазлах орон зай өөрийн хил хязгаартай. Үнэмшимгүй юмыг л улам үнэмшилгүй болгох ёстойгоос биш, бодитой зүйлтэй тэрийгээ хутгаж болохгүй. Жишээ нь адуу малын сураг, чимээтэй холбоотой мэдээлэл дээр дээр фантази хийвэл тоглоом хатуудна.

Хоёр. Хууртахаа боливол жаргахаа болино

ХХ зууны дундуур монголчууд иргэншин хотшиж ирлээ. Амьдрал нь бие биенээсээ хамааралтай, тэр хэрээрээ мэдээллээс хамаатай болоод ирэв. Ийм орчинд худлаа ярих, цуурхах аюултай. Одоо, цуурхлаар яриагаа чимж, чихээ мялаадаг үе өнгөрөх учиртай.

Гэтэл тухайн тогтоц болох социалист нийгэм ба түүний үзэл суртал нь “үндэсний цуурхал зүй”-г томоохон дэвэргэгч,  спонсор болон хувирав.

Тэд  ард түмэндээ“Лам ноёд ихэс дээдэс нь ард түмнээ сорон мөлжиж байгаа тухай, баячууд хамаг хөрөнгийг нь эзэмшсэн учраас үлдсэн хэсэг нь ядуу байгаа тухай, хөрөнгөтөн орнууд биднийг үхээсэй гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаа тухай, тухай, тухай...” шинэ домог зохиож өглөө.  Улмаар домгийг улам хөгжүүлэх үүрэг хүлээлгэв.

Ямар чадахгүйн зовлон байх биш, өнөө “найман хөлтэй” морины явдлыг баяжуулаад явчихад ядаж цөхөх юм алга.  Морийг нь хөрөнгөтөн, англи америк болгож шинэчлэхэд худлаа гэх хүн гарахгүйн дээр төрөөс сайшаалгана. Социалист(соцреалист ч гэдэг) урлаг соёл энэ хөрсөн дээр соёолсон.

Ингэж явсаар 1990-ээд оноос хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд шилжлээ. Тогтоц өөрчлөгдсөн ч уламжлал өөрчлөгдсөнгүй. Намуудын үзэл суртлын арга барил нь мөнөөх социалист дэглэмийн домог зохиох уламжлалаар явна. Идсэн уусан, хулгайлсан, офшоорт нуусан “найман хөлтэй морь” зохион тал дүүрэн бэлчээнэ.

Олон түмний сэтгэхүй ч гэсэн жирийн морь биш, “найман наймын жаран дөрвөн хөлт”-ийг хүлээгээстэй. Тийм учраас л “17 тэрбум доллар хулгайлаад сейфэндээ нуужээ” гээд гөрдөхөд  хүлээж авна, учир нь энэ бол хөл нэмж болох морь. 

Харин араас нь “сейфинд ийм мөнгө багтах бололцоогүй” гэж тайлбарлаад нэмэргүй.  Олон түмэн ч уурлана, яагаад гэвэл сэтгэл догдуулсан, айлд ороод ярих юмтай болгосон, хэдэн ч хөл нэмээд бусдыг гайхшруулж болох “морь”-ных нь хөлийг тайрах оролдлого гэж харна. Өөрөө хэлбэл, масс өөрөө гуйвсан мэдээлэлдээ дуртай. Тэр нь алга болчихвол аз жаргалынхаа тодорхой хэсгийг алдчихмаар ч юм шиг  төсөөлөгдөөд  байгаа юм. Зохиомол, илүү сүр оруулсан мэдээлэл буюу цуурхал амь бөхтэй байдгийн нэг учир нэг талаасаа энэ.

Найман хөлтэй улс төр ба намуудын ч буруу биш, бас тэд тэнэг биш.  Учир нь нам сонгуульд ялах эсэх л чухал болохоос биш, “найман хөлтэй мориор түрүүлсэн үү, эсвэл дөрвөн хөлтэй бодит морь унаад хоцорсон уу” гэдэг сонин биш...

Үргэлжлэл бий





 


Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.