Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9 сарын 22
Энэ хот-чиний хот

-Нэгдүгээр курсийн оюутан дүүд бичсэн эсээ-

Чи энэ өгүүллийг уншиж байгаа бол хотод нэгэнт ирчээ. Иймээс баяр хүргэе!

Эргэн тойрноосоо бишүүрхэж, хүмүүс чамайг онцлон хараад, зарим нь шоолоод ч байх шиг сэтгэгдэл төрж эхэлсэн үү, тэгдэг юм аа.

Бас заримдаа тэр нь гадуурхал ч юм шиг санагдан, тэгэх тусам нь шаралхмаар, улам ч хөдөө араншин гаргаж эсэргүүцмээр  байна уу, тийм ч бодол төрдөг юм аа.

Үнэн хэрэгтээ, хэн ч чамайг гадуурхаагүй. Хэзээ нэгэн цагт өөрөө, эсвэл аав нь, үгүйдээ өвөө нь дээлэндээ түүртэн хотын гудамжаар алхаж, эргэн тойрноо гайхан бишүүрхэн ажиж явсан л байгаа.

Улаанбаатар бол нүүдэлчдийн байгуулсан хот. Ердөө л өчигдөрхөн малаа хариулж явсан хүмүүс энд ирцгээж, улс орноо өрнөдийн жишгээр хөгжүүлэх эрмэлзэл, хүслээр үйлдвэр, орон сууц барьж эхэлсэн билээ. Ийм учраас хамгийн их хотожсон айлын гэр бүлийн альбомд хүртэл дээл өмссөн өвөө эмээгийн зураг нь хүндтэй байр эзэлдэг. Өөрийгээ хотын унаган хүүхэд гэж бахархдаг залууст зун нь очиж амрах хөдөөний хамаатан садан заавал байдаг.

Ийм болохоор чи хотынхны дүү нь, үгүйдээ л холын хамаатан нь байгаа.

Гэхдээ хот өөрийн дүрэмтэй, энэ дүрэм нь эцсийн дүндээ чамайг өөрийгээ хүндлэх урлагт сургахын төлөө л юм. Уудам цэлгэр хээр талд, уулын гацаа сууринд гэр бүл, нутаг усны ах дүүстэйгээ амьдран суух нэг өөр. Тэнд чамайг баясгах гэж цэцэг ногоо алаглаж, чиний дуу хоолойг чагнахын төлөө байгаль дэлхий дуугаа хураан анирлах мэт. Хайртай дотно хүмүүс, нэг дор ижилдэн амьдарсан нутаг нугынхан бие биенийхээ араншинд хүртэл уусч, дассан байдаг. Манайхны “Зан зангаа авалцсан” гэдэг хэллэг нь хэн хэнийхээ онцлог араншинд дасч, хүлээн зөвшөөрөх болсоон гэсэн л үг. Чиний дураараа хашгиран дуулахыг, хажуу айлын ахын хааяа агсам тавихад бүгд дасан зохицсон гэсэн үг.
  
Харин огт танихгүй хүн танай гадаа шөнөжин дуулаад, бэргэн эгчид чинь агсам тавибал бүгд дургүйцэнэ. Хотын соёл гэдэг үүнтэй жаахан төстэй. Өдөржингөө ажиллаж ядарчихаад дуг хийх гэтэл толгой дээр чинь танихгүй хүн дуулаад бархираад эхэлбэл хотонд чоно орсноос дутахгүй цочоож, залхаана биз дээ. Яг үүн шигээр, чи ч гэсэн хүний толгой дээр бас бархирч сандааж болохгүй. Нийтийн амгалан байдал гэж энийг л хэлдэг.

Малчин хүний морио аргамждаг, үхрээ туудаг зам дээр саахалтын хүн ирж хүндээр бие засчихаад байвал уур хүрнэ дээ. Яг түүн шиг олон нийтийн газар ариун цэврийг сахих нь нийтийн сайн сайхны утгатай.  Хотын соёл гэж ярьдаг зүйл бол бие биеэ танихгүй сая сая хүн, хамаатан садан, танил талын ямар холбоогүй мянга мянган өрх нийлээд нэгэн хот айл болж амьдрах урлагийг хэлж байгаа хэрэг. Чи сая сая танихгүй хүнийг, танайх мянга мянган үл таних айл хөршийг хүндлэнэ гэсэн утга. Хариуд нь тэр сая сая хүн, мянга түмэн айлаас өөрийгээ болон гэр бүлээ хүндлэхийг шаардана гэсэн санаа.

Хотынхныг хажуу айлаа таньдаггүй гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ муу зүйл огт биш ээ. Огт танихгүй хүмүүс, заавал танилцах албагүйгээр айл аймаг явж болоод, ямар ч хэрүүл уруул, маргаан гарахгүй байна гэдэг хүний нийгмийн томхон дэвшил шүү. Гэтэл  хөдөө нутагт санаа нийлдэг, эсвэл яалт ч үгүй ах дүү хамаатан садангаараа л айлсдаг шүү дээ.

Хотын соёлд суралцах нь нэг талаасаа амаргүй. Анхны хотшлийн дараагаар 1959 онд орон даяар “Соёлын довтолгоо” хэмээх хагас албадлагын кампанит ажил зохиосон юм. Төрийн хатуу хяналт, шалгалт дор явуулсан энэ аяны үрээр монголчууд долоо хоног бүр усанд орж, үсээ засуулж, хумсаа авахуулж, шүдээ оо сойзны тусламжтай цэвэрлэж сурсан юм. Ариун цэврийн байцаагч нар хүнийг дуртай газраа саатуулан хувцсыг нь тайчуулж, усанд орсон, дотоож хэрэглэж заншсан болон элдэв паразит үржсэн эсэхийг шалгах эрх үүрэгтэй байсан.

Харин өнөөгийн нийгэмд иймэрхүү албадлага хэрэглэх боломжгүй бөгөөд тэртэй тэргүй нөмрөн ирж байгаа соёлын давалгаа ба хувь хүний санаачилгад найдах нь илүү болсон байна. Гэхдээ хувь хүний сайн явах санаачилга, эрмэлзэл их чухал. Энэ санаачилга, эрмэлзэл байхгүй хүнийг нийгэм гадуурхдаг. Жишээлэхэд, чи хотын соёлд түргэн нэвтрэхийг эрмэлзэхгүй бол бусдадаа дорхноо гадуурхагдаж эхэлнэ. Үе тэнгийнхэн чинь чамтай хоорондын нандин нууцсаа хуваалцахыг хүсэхгүй ба өөрийгөө шинэчлэхийг хүсэхгүй амьтан хэмээн нүд үзүүрлэнэ.

Уул нь, чамайг бусдаас зааглаж байгаа тэр “соёлын хил” маш нарийхан. Учир нь тэд чамаас жаахан л түрүүлсэн болохоос биш  мөн л хотшиж яваа л үеийнхэн. Магадгүй, чи дорхноо гүйцэж түрүүлээд тэдэнд үлгэрлэхийг хэн байг гэх билээ. Манай төрийн тэргүүн Ховдод төрж өссөн, ерөнхий сайд Сэлэнгэ нутгийн уугуул, Хотын дарга маань Төв аймгийн Сэргэлэн сумын хүү...гэх мэт.  Бидэнд арай түрүүлж хотод ирсэн, хотын соёлд арай эртээс, арай илүү нэвтэрсэн ялгаа л байгаа. Тийм болохоор чи энд харийн хүн огт биш. Энэ чамайг хүлээж байсан хот, чинийх болж байгаа хот.

Улаанбаатар бол нүүж ирж дуусаагүй хот.  Жинхэнэ хотшлын түүх нь 1959 оноос эхэлдэг. Түүнээс өмнө ирэн буцан байдаг улсын түр буух газар л байсан юм. Төрийн ажил албыг хүрээнд түр хаах, арилжаа наймаа хийх гэж л гэсэн явуулын улс л бууж морддог гэсэн үг. Харин 1959 онд бүх малыг нийгэмчилсний дараагаар өмчгүй болсон мянга мянган малчин шинэхэн хотод үүрд амьдрахаар ирцгээсэн байдаг. Тэр нүүдэл 1990 оноос хойш дахин эрчимсэн юм. Учир нь 1960-аад оноос 1990 оныг хүртэл хот рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, маш хатуу журам дүрмээр хаалт хориг тавьсан байлаа. Ингээд өнөөг хүртэл Улаанбаатарыг голлон чиглэсэн их нүүдэл нүүгэлтэн хөвөрсөөр байнам.

Эрдэм боловсрол, аж амьдралын мөр хөөн хотод ирж байгаа сүүлчийн хүн ч чи биш. Хотын амьдрал, соёлд нэг л мэдэхэд умбан дасаад, цаашдээ эндээ үлдэн амьдрах хүсэл оволзох цаг өнөө маргаашгүй гэдэгтэй мөрийцсөн ч болно. Тэгээд төрж өссөн нутаг орондоо зочны ёсоор айлчилж, гол усныхандаа “Хотын хүн ирсэн гэнэ” хэмээн яригдах цаг ч айсуй байх.

Ингээд хотших, нийслэлийн хүн, Улаанбаатарын иргэн болох их аянд амжилт хүсч байна.

2016 оны 09 сарын 1




Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.